Нийслэлийн Ерөнхий архитектор, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг захиргааны 2-р байр, Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд 4 асуудлаар 7 иргэнийг хүлээн авч уулзан дараах асуудалд хариу тайлбар, мэдээлэл өгч, зарим асуудлыг тодруулж эргэн мэдээлэхээр шийдвэрлэв.
    Уулзалтад Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Д.Хан-Уул, Хэсэгчилсэн төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Мэндсайхан, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал, Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я.Болор, Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа, Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа, Барилга байгууламжийн чанарын хэлтсийн дарга Н.Тамир, Захиргаа, санхүүгийн ахлах мэргэжилтэн Л.Энхтуул, Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Дарханбаяр болон холбогдох ажил хариуцсан мэргэжилтнүүд байлцав.

Монгол Улсын зөвлөх инженер н.Ганбат

1.2013 онд “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг батлагдсан байх ёстой. Гэтэл 2040 оны Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө яригдаад байна. Иймд 2040 оны Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар мэдээлэл авах  хүсэлттэй байна.
2.Нийслэлийн хэмжээнд 2016 оноос өмнө иргэн, хуулийн этгээдэд батлан олгосон 1642 барилга байгууламжийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан нь бодитой юм уу. Энэ талаар мэдээлэл авах хүсэлтэй байна.

Хүрээ амаржих газрын дарга Б.Мөнхсайхан, ахмад эмч Адилбиш, Хуулийн зөвлөхийн хамт

1.Манай эмнэлгийн барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар 2022 оны 07 дугаар сард батлагдсан. Одоо барилгын ажлын явц 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилгын хойд талд иргэн н.Баттүшиг 10.5м  зайтай барилга барих зөвшөөрөл гарсанд гомдолтой байна. Амаржих газрын стандартаар 2 га талбайтай байх, 30м зайтай байх гэсэн заалтууд байдаг эдгээр заалтуудыг зөрчиж байна. Танай байгууллага руу удаа дараа албан бичиг явуулсан боловч хариу өгөхгүй байна. Иймд албан бичгийн хариугаа авъя.
2.Манай эмнэлэг дулааны шугамаа ашиглаж чадахгүй байна. Иргэн Н.Баттүшигийн газар дээр манай шугам байгаа. Барилга хот байгуулалтын яам сонсох ажиллагаа хийсэн. Дулааны асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэд
Н.Хандсүрэн,
Ч.Гантөмөр, Н.Даваацэрэн

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нийтийн зориулалттай орон сууцны Хайрцгийн 24 дүгээр барилгыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/151 дүгээр захирамжаар дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан. Төсөл хэрэгжүүлэгчээр “Металл энд Вүүд” ХХК шалгарсныг батламжилж, тус компанид газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй гэрээ байгуулах эрх олгож, хоёр болон гурван талт гэрээг байгуулсан. Гэтэл “Металл энд вүүд” ХХК  2020 оноос одоо болтол барилга барихгүй байгаад гомдолтой байна. Иргэд бид нар хохироод байна. Энэ “Металл энд Вүүд” ХХК –ийн Захирал н.Хонгорзулд арга хэмжээ авч, байр барих эрхийг цуцлаад өгөөч.

Иргэн Н.Баттогтох

Би Сүхбаатар дүүргийн  18 хороонд өөрийн эзэмшлийн газар дээр Американ таун хаус 48 айлын орон сууц барьсан. Энэ барилгыг барихад өчнөөн асуудлаар шалгагдаад олон жилийн нүүр үзэж байж барилгаа барьж дууссан. Барилгаа бариад дуусаад айлуудаа оруулаад хаяг дугаараа авах гэтэл танай байгууллага хаяг дугаар өгөхгүй байна. Би одоо яах вэ?