Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Сэлбэ дэд төвийн хил, зааг доторх газар дээр олгосон хүн, хуулийн этгээдийн барилгын ажлын үе шатны зөвшөөрлүүдийг хүчингүй болгох ажлыг зохион байгуулах тухай” А/577 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжих зорилтын хүрээнд хүн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн болон нийгмийн үйлчилгээний тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Сэлбэ дэд төвийн хил, зааг доторх газар дээр олгогдсон хүн, хуулийн этгээдийн барилга байгууламжийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, Загвар зураг, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Ерөнхий архитектор болон тус газарт даалгасан байна.
Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасан хэлбэрээр сонсох ажиллагаа явуулж байгаа тул жагсаалтад орсон иргэд 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн дотор хариуг албан бичгээр ирүүлэхийг мэдэгдэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжтой тул холбогдох тайлбар, бусад бичиг баримтыг дурдсан хугацаанд ирүүлнэ үү.