Нийслэл Улаанбаатар хотод анх 1997 оны НИТХ-ын “Нийслэл Улаанбаатар хотын гудамж, талбай, барилгад нэр дугаар олгох, нэрэмжит болгох” журам батлагдсан ба тус газар нь 2006 онд НИТХТ-ийн 269 дүгээр тогтоолоор дээрх журмыг шинэчлэн батлуулж гудамж, зам талбайг нэршүүлэх, нэрэмжит болгох, барилгажсан болон зуслангийн хэсэгт баригдсан барилга байгууламжийг хот байгулалтын мэдээллийн санд бүртгэж хаяг, дугаар олгох ажлыг сүүлийн 20 жил тасралтгүй хийж байна.
Нийслэл Улаанбаатар хотод гудамж, зам, талбайг нэршүүлэх, нэрэмжит болгох асуудлыг Хаягжуулалтын тухай хууль, Засгийн газрын 2019 оны 325 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ын дагуу Нийслэлийн Засаг Даргын 2020 оны А/1120 дугаар захирамжаар батлагдсан нэрийн комисс болон холбогдох газруудаас саналыг авч нэгтгэн НИТХ-аар хэлэлцүүлж шийдвэр гаргуулдаг.
Гудамж, зам талбайн нэрийг Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд гарамгай гавьяа байгуулсан түүхэн хүмүүсийн нэр алдрыг мөнхлөх, түүх, соёлын дурсгал, түүхэн уламжлалыг хадгалахад чиглэсэн болон олон нийтээс санал болгосон, утга агуулгын хувьд уялдаатай, энгийн, ойлгомжтой нэр үгээр нэршүүлнэ гэж заасан байдаг.
Монгол цэргийн их жанжин, Чингис хааны Есөн өрлөг баатрын нэг, Дэлхийн шилдэг 10 жанжны нэг Урианхай овгийн Хабаны хөвүүн Сүбээдэй баатарын мэндэлсний 850 жилийн ой 2025 онд болохтой холбогдуулан Хан-уул дүүрэгт Сүбээдэй баатарын гудамжийг, 2023 онд Монгол Улс, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиосон бөгөөд Монгол, Британийн дугуй ширээний уулзалтын хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Улаанбаатар хотод Лондон хотын нэрэмжит гудамж нэршүүлэхээр тусгасан бөгөөд Баянгол дүүргийн 26 дугаар хороонд Лондонгийн гудамжийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08 өдрийн 06 дугаар тогтоолоор тус тус нэршүүлээд байна.
БАЯНГОЛ ДҮҮрэг, 26-Р ХОРОО, НАРНЫ ГҮҮРНЭЭС ЗҮҮН ТИЙШ НАРНЫ ХОРООЛЛЫН УРДУУР ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨНИЙ ДООГУУР ЗҮҮН ТИЙШ НАРНЫ ЗАМЫН НҮХЭН ГАРЦ ХҮРТЭЛ 1.8 КМ АВТО ЗАМЫГ
ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ШАГАЙН ХАРВААНЫ БАЙРНЫ ЗҮҮН ТАЛ, НИЙСЛЭЛ ХҮРЭЭ ӨРГӨН ЧӨЛӨӨНӨӨС ХОЙШ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН БАРУУН ТАЛААР МАХАТМА ГАНДИГИЙН ГУДАМЖ ХҮРТЭЛ 0.5 КМ АВТО ЗАМЫГ
Жич: Монгол улсын Засгийн газрын 2019 оны 325 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ын 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалт, MNS 5283:2022 “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага”-ын дагуу гудамжны хаягийн самбарыг байршуулах ажлыг тухайн дүүргийн Засаг дарга хариуцан зохион байгуулдаг.