БХБ-ын сайдтай уулзаж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх талаар санал солилцов

БХБ-ын сайдтай уулзаж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх талаар санал солилцов

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга болон бусад албаны хүмүүстэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтаар “Харгиа” цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдал, Эмээлтийн үйлдвэр, технологийн парк байгуулах тухай болон Орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, 100 мянган айлын орон сууц барих асуудлаар ярилцлаа.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “100 мянган айлын орон сууцны хөтөлбөр дээр манай яам, хотын захиргаатайгаа хамтраад маш хурдан ажиллах хэрэгтэй. Үүнтэй холбоотой асуудлыг Ерөнхий сайдтай уулзаад асуудлаа бэлдэж тавиад шийдүүлэх зөв юм. Хоёр талаас нийлээд өргөн хүрээнд ажиллах Ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхбаатараар ахлуулан байгуулъя. Энэ ажлын хэсэг тодорхой төлөвлөгөө гарган ажлаа хэрэгжүүлээд Ерөнхий сайдад танилцуулья. 

Дараагийн шийдвэрлэх ёстой асуудал бол цэвэрлэх байгууламуийн асуудал юм. Бид шинэ цэвэрлэх байгууламж барихаар гэрээгээ байгуулж, компаниа сонгосон байгаа. Энэ бол урт хугацааны асуудал. Ойрын хугацаанд цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах ажил хийгдэж байгаа. Технологийн горим алдагдсан гээд байгаа усгүйжүүлэх төхөөрөмжийн тендерийг зарласан, суурилуулж байгаа. Ирэх зургаадугаар сард ашиглалтад оруулна, ингэсгээр цэвэрлэх байгууламжаас үнэртдэг лагийн үнэр харьцангуй багасна” гэв.  

Уулзалтын үр дүнд хотын Захирагч С.Амарсайхан, БХБ-ын сайд Х.Баделхантай хот байгуулалт, орон сууц, дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүд болох 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр болон 972 айлын орон сууцны ажлуудыг хурдацтай эхлүүлэх тал дээр саналаа нэгтгэж, ажиллахаар боллоо.

Google+ Linkedin