Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах,  буулгах журам хэрэгжиж эхэллээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам хэрэгжиж эхэллээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт явган болон авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж баригдсан өнгө үзэмж муутай, эдэлбэр газар болон нийтийн эзэмшилийн зам, талбай руу хэтрүүлэн барьсан төрөл бүрийн хашаа, хайс нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд зорчих эрхийг зөрчиж байгаагаас эдгээрийг буулган цэгцэлж, нийтийн эзэмшлийн зам талбайн ашиглалтыг сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн учраас “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг шинэчлэн боловсруулсан.

Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 24/17 дугаар тогтоолоор батлагдаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 43/72 дугаарт бүртгэгдсэн.

            Энэхүү журам нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто болон явган зорчигчийн орц гарцыг нээх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хашаа, хайс барих, ашиглах, буулгахтай холбогдсон харилцааг зохицуулна.

            Журмын төсөл нь хуулийн этгээдийн хашаа, хайс барих, ашиглах, буулгах үйл ажиллагааны үе шатыг нарийвчлан, хяналтыг хэрэгжүүлэх, хариуцах төрийн байгууллагыг тодорхой болгож, барилга байгууламжийн хашаа хайсанд тавигдах шаардлагыг гаргаж өгснөөрөө өмнөх журмаас давуу талтай.

Орчны аюулгүй байдлыг хангаж, журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн  хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгуулах тухай А/321 дүгээр захирамжийн хүрээнд тус байгууллагын зүгээс дараах ажлуудыг хийж байна.

Эхний ээлжинд Улаанбаатар хотын Бага тойрууд байрлах Сүхбаатар дүүргийн 6, 8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай 43 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хашаа, хайс, хаалт,  түр хашааны судалгааг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 08/1186 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Дээрх судалгааг үндэслэн нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албад баталгаажсан  хашаа, хайс буулгах шаардах хуудсыг тарааж байршуулан зарим тохиолдолд албан бичиг илгээн ажлын 10 хоногт буулгаагүй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хашааг албадан буулгах арга хэмжээг авахаар бэлтгэж байна.

Дараагийн ээлжийн Их тойруу доторхи III, IV блок буюу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай 237 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын  хашаа, хайс, хаалт,  түр хашааны судалгааг гарган 2 төрлийн шаардах хуудасны хамт нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн.

Өнөөдрийн байдлаар Их тойруу доторхи II, V, VIII, IX блок буюу Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, Баянзүрх дүүргийн 1, 3, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай 319 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын  хашаа, хайс, хаалт,  түр хашааны судалгааг гарган боловсруулалт хийгдэж байна.

Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хашаа, хайс барих хүсэлтийн маягт, хашаа, хайсны даалгавар, Хашаа, хайс, түр хашаа, амьд хайсны тохижилтын загвар зургийг боловсруулж батлуулах ажил хийгдэж байна.

 Тус ажлын хүрээнд нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан иргэн, хуулийн этгээдийн хашаа, хайс барих  хүсэлтийг хүлээн авч  шийдвэрлэнэ.

Google+ Linkedin