Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг  батлах тухай

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай

2013 оны 02 сарын 08 өдөр                                   Дугаар  23                                      Төрийн ордон, Улаанбаатар хот

 

Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтыг үндэслэн

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

1.Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хавсралтад заасан бүрдэлтэйгээр баталсугай.

2.Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг мөрдөхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т үүрэг болгосугай:

1/Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий  төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2013 оны 2 дугаар улирлын эхний хагаст, салбарын хөгжлийн төсөл, хөтөлбөрийг 2013 онд тус тус багтаан боловсруулж, батлан хэрэгжүүлэх;

2/Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх;

3/нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд аймаг, сум, хот, тосгоныг хөгжүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлж Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах;

4/Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий  төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэхэд шаардагдах 25.4 их наяд төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийн улсын төсвөөс санхүүжүүлэх хэсгийг жил бүрийн улсын төсөв, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд тусган шийдвэрлүүлж байх, бусад хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх;

5/Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг мөрдөн ажиллаж, биелэлтийг хоёр жил тутам гаргаж Улсын Их Хуралд танилцуулж байх.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд даалгасугай.

 

 

            МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          З.ЭНХБОЛД

Google+ Linkedin