Улаанбаатар-орон сууц сангийн нийслэлийн төрийн албан хаагчдад орон сууц худалдан авахад нэг удаагийн буцалтгүй тусламж болон зээл олгох журам

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2013 оны 9/37 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт

Нэг. Орон сууцны зориулалт

1.1.Энэхүү дэмжлэг нь нийслэлийн төрийн албан хаагчдад орон сууц худалдан авахад зориулагдана.

1.2.Дэмжлэгийн хэмжээ нь 10 хүртэл сая төгрөг байна.

Төрийн албан хаагчид орон сууц худалдан авахад нь зориулан нэг удаагийн дэмжлэг олгох, зээлэнд хамрагдах төрийн албан хаагчийг сонгоход дараахь шалгуурууд тавигдана.

Хоёр.Орон сууцны дэмжлэг олгоход төрийн албан хаагчдад тавигдах шаардлага

2.1.Төрийн байгууллагад 10-аас доошгүй жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан, цаашид тогтвор суурьшилтай ажиллах;

2.2.Ажилтан худалдан авах орон сууцаа арилжааны банкнаас шаардах урьдчилгаа төлбөрт дутсан тохиолдолд өөрсдөө хариуцах санхүүгийн чадавхитай байх;

2.3.Орон сууцны дэмжлэг авч байгаа ажилтан банкнаас орон сууцны урт хугацааны зээлийн гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр төлсөн баримт авчирснаар зээлэнд хамрагдсан банк руу дэмжлэгийг шууд шилжүүлэх, /зээлийн гэрээ дэмжлэг авагчийн нэр дээр байх/

Гурав. Улаанбаатар орон сууц сангийн хөрөнгөөр төрийн албан хаагчдад орон сууцны зээлд хамрагдахад тавигдах шаардлага

3.1.Орон сууцны зээлийн зориулалт

3.1.1.Энэхүү зээл нь төрийн албан хаагчдад орон сууц худалдан авахад зориулагдана.

3.1.2.Зээлийн хэмжээ 50 хүртэл сая төгрөг байна.

3.1.3.Зээл нь 20 хүртэл жилийн хугацаатай, хүү нь тухайн жилийн Засгийн газраас орон сууцжуулах зээлийн хүүгийн жишгийг барьж тогтооно.

3.1.4.Орон сууцны урьдчилгаа төлбөр нь орон сууцны үнийн дүнгийн 10 хувиас доошгүй байна.

3.1.5.Зээлдэгчийн зээлээр авч байгаа орон сууц нь зээлийн барьцаа болно.

3.1.6.Зээлдэгч хүүгийн төлбөрийг бууруулах зорилгоор зээлийг хугацаанаас нь өмнө үлдэгдэл төлбөрийг төлж зээлийг хааж болно.

3.1.7.Төрийн албан хаагч нь өмнө нь төрийн байгууллагаар орон сууцны асуудлаа шийдвэрлүүлж дэмжлэг авч байсан ч орон сууцны нөхцлийг сайжруулах зорилгоор зээлд хамрагдаж болно.

Дөрөв. Зээлдэгчид тавигдах шаардлага

4.1.Зээлдэгч нь төрийн байгууллагад гурваас доошгүй жил ажилласан цаашид тогтвор суурьшилтай ажиллах ажилтан байна.

4.2.Зээлдэгчийн сард төлөх зээл, хүүгийн төлбөр нь өрхийн орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.

4.3.Зээлдэгч зээлийн хугацаа дуусахаас өмнө тэтгэвэрт гарах бол үлдэгдэл төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.

4.4.Зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад өр төлбөргүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөргүй, чанаргүй зээлийн түүхгүй байна.

4.5.Зээлдэгч нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сонгосон Арилжааны банкнаас шаардсан бусад шалгуурыг хангасан байна.

Тав. Төрийн байгууллагын хүлээх үүрэг

5.1.Тухайн төрийн байгууллага нь ажилтанд зээл олгох асуудлыг нийт ажилчдын хурлаараа хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргана.

5.2.Тухайн төрийн байгууллага нь “Улаанбаатар орон сууц” сантай гэрээ байгуулж ажилтны зээлийн буцаан төлөлтөд хяналт тавьж ажиллана.

5.3.Зээлдэгчийн ажлын байранд өөрчлөлт гарсан тохиолдолд дараагийн ажил олгогч байгууллагад 5.2 заалт үйлчлэх болно.

Зургаа. Зээлийн орон сууцанд тавигдах шаардлага.

6.1.Зээлийн орон сууц нь ашиглалтад орсон орон сууц байна.

6.2.Улсын комисс бүрэн хүлээж авсан эзэмших эрхийн гэрчилгээ нь гарсан орон сууц байна.

Google+ Linkedin