Нийслэл улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, барилга, байгууламжид  дугаар олгох журам

Нийслэл улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, барилга, байгууламжид дугаар олгох журам

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 269 дүгээр тогтоол

Нийслэл улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, барилга, байгууламжид дугаар олгох журам

Нэг. Нийтлэг зүйл

    1. Нийслэл Улаанбаатар хотын гудамж талбайд нэр өгөх, нэрэмжит болгох,  барилга  байгууламжид   дугаар  олгох,  өөрчлөхөд  энэхүү  журмыг  баримтална.
    2. Энэхүү журмын зорилго нь Нийслэл Улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, барилга байгууламжийг дугаарлаж мэдээллийн санд оруулах, улмаар хотын доторхи нэр, хаягтай холбоотой ажил үйлчилгээг эрхэлдэг түргэн тусламж, гал команд, шуудан харилцаа, цагдаа зэрэг байгууллагуудын үйл ажиллагааг харилцан уялдуулах, тэдгээрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгоход чиглэгдэнэ.
    3. Хотын гудамж талбайн нэр, барилга байгууламжийн дугаарууд нь холбогдох өгөгдлийн хамт Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд (цаашид Мэдээллийн сан гэнэ) бүртгэгдэж хадгалагдах ба Мэдээллийн санг эрхлэгч байгууллага хотын түргэн тусламж, гал түймэртэй тэмцэх газар, цагдаа, шуудангийн байгууллагууд. Нийслэл, дүүргийн газрын алба, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газартай хаягийн өөрчлөлтийн талаар хамтран ажиллаж мэдээлэл солилцоно.
    4. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд нэрийн комисс (цаашид Комисс гэнэ) ажиллаж, Нийслэл Улаанбаатар хотын хаягийн бүсийг батлах, гудамж талбайд нэр өгөх, нэрэмжит болгох асуудлаар санал боловсруулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
    5. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурал нь Комиссоос өргөн мэдүүлсний дагуу нийслэл Улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох асуудлыг шийдвэрлэх ба  гудамж талбай нэршүүлэх, барилга байгууламжийг дугаарлахад баримтлах хаягийн бүсийг батална.
    6. Мэдээллийн санг эрхлэгч байгууллага нь энэхүү журам ба НИТХТ-ийн хурлаас батлагдсан хаягийн бүсийг баримтлан барилга байгууламжид  дугаар олгож мэдээллийн санд оруулна.
    7. Гудамжийг тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх чадвар, байршил, үйлчлэх хүрээнээс хамаарч хотын зэрэглэлтэй, хорооллын зэрэглэлтэй гэж ангилна.
    8. Энэ журманд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.
    9. Гудамж гэж тээврийн хэрэгсэл болон явган зорчигчдын хөдөлгөөнийг нэвтрүүлж өнгөрүүлэх зурвас талбайг;
    10. Хотын зэрэглэлтэй гудамж гэж хоёр талаараа барилгаар хязгаарлагдсан бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний 2 буюу түүнээс дээш урсгалтай, явган зорчигчдод зориулсан тусгайлан бэлтгэсэн зам бүхий  авто хэсгийн урсгалыг зохион байгуулалттайгаар дамжуулан өнгөрүүлэх гудамжийг;
    11. Хорооллын зэрэглэлтэй гудамж гэж гэр болон орон сууцны хороололд эгнүүлэн барьсан хашаа болон барилгын хоорондох явган хүний болон тээврийн хэрэгслийн зорчих зурвас талбайг;
    12. Өргөн чөлөө гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 4 буюу түүнээс дээш урсгалтай байхаар зохион байгуулж, авто хэрэгслийн нэвтрүүлэх чадварыг нь нэмэгдүүлсэн хотын зэрэглэлтэй томоохон гудамжийг;
    13. Цэцэрлэгт гудамж гэж тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн дагуух зурвас талбайг цэцэрлэгжүүлэн явган хүний зам, түр амрах талбай засан тохижуулж, авто хэсгийн хөдөлгөөний урсгалыг тусгаарласан гудамжийг;
    14. Талбай гэж орчны барилга байгууламжтай зохицуулж төлөвлөсөн бөгөөд хотын гудамж, өргөн чөлөөтэй холбогдсон олон нийтийн зориулалтай тодорхой хэмжээний газрыг эзэлсэн орон зайг;
    15. Цэцэрлэг гэж гадна талаараа хайс хамгаалалтаар хүрээлэгдсэн, хүмүүсийн амарч зугаалахад зориулагдсан нийтийн эзэмшлийн болон тусгай зориулалтын тодорхой хэмжээний орон зай эзэлсэн цэцэрлэгжсэн талбайг;
    16. Хаягийн  бүс гэж үл хөдлөх объектуудаар зааглагдсан, гэр болон орон сууцны нэг хороолол буюу түүнтэй ижил төстэй суурьшлын нэг хэсгийг;

Хоёр. Хаягийн бүсийг батлах,  өөрчлөх

  1. Нийслэлийн нутаг дэвсгэр дээрх гудамж талбай, цэцэрлэг, барилга, байгууламжийг нэгж хаягийн бүс дотор дахин давтагдахгүй байхаар нэрлэж    дугаарлана.
  2. Хаягийн бүсийг хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, барилгажилтын дараалал, гудамж талбайн байршлыг үндэслэн тогтоож НИТХ-ын Тэргүүлэгчид батлан мөрдүүлнэ.
  3. Хотын тэлэх, засаг захиргааны нэгжийн хилийн цэсэд өөрчлөлт орох, хотын дотор шинэ хороолол, хотхон бий болох зэргээс хамааран Нийслэл Улаанбаатар хотын хаягийн бүсийг өөрчилж болох ба хаягийн шинэ бүсийн тухай саналаа Мэдээллийн санг эрхлэгч байгууллага комисст гаргаж НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж батлуулна.
  4. Орон сууцны шинэ хороолол буюу хотхоныг тусад нь хаягийн нэг бүс болгох саналыг иргэн, ААН, байгууллага Мэдээллийн санг эрхлэгч байгууллагад гаргах ба эрхлэгч байгууллага энэ журмын 2.3 заалтын      дагуу шийдвэрлэнэ.
  5. Ногоон бүсэд байрлаж  буй амины  орон сууцны хороололд  хаягийн бүсийг бий болгохдоо хэсэгчилсэн  ерөнхий төлөвлөгөөний дагуу  дахин давтагдахгүйгээр зуслангийн  нэрээр   нэрлэнэ. /Майхан  толгойн  зуслан г.м/
  6. Батлагдсан хаягийн бүсийг түргэн тусламж, цагдаа, гал түймэртэй тэмцэх газар, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар, Газрын албадад мэдэгдэх үүргийг Мэдээллийн санг эрхлэгч байгууллага хүлээнэ.

Гурав. Гудамж, талбайд нэр өгөх, нэрийг өөрчлөх, нэрэмжит болгох

    1. Нийслэл Улаанбаатар хотын зам талбайд нэр өгөх, нэрийг өөрчлөх нэрэмжит болгох саналыг яам, тусгай газар, Нийслэл, Дүүргийн Засаг даргын тамгын газар, Хорооны Засаг дарга, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэд албан бичгээр комисст гаргах ба комисс тухайн дэвсгэр нутгийг хариуцсан Сууц өмчлөгчдийн холбоо, орчны байгууллага, ААН болон дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг  авсны үндсэн дээр судлан боловсруулж НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлүүлнэ.
    2. Нийслэл Улаанбаатар хотын гудамж, талбайн нэр нь тусгаар тогтнол, хөгжил дэвшилд гарамгай гавъяа байгуулсан хүмүүсийн нэр алдрыг мөнхлөх болон түүх соёлын дурсгал, газар зүй, түүхэн уламжлалыг хадгалахад чиглэгдсэн энгийн, ойлгомжтой байна. Шаардлагатай гэж үзвэл нэрийн  тухайн асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтээр хэлэлцүүлж болно.
    3. Хотын гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгохдоо аж үйлдвэр,  эрүүл мэнд, боловсрол,  соёл, шинжлэх ухаан, бусад бусад салбар болон сүм хийдийн ойролцоох гудамж талбайг тухайн салбарт гавъяа зүтгэл гаргагсдын нэрээр нэрлэх зарчмыг баримтална.
    4. Нэр олгогдоогүй гудамж, талбайд нэр өгөх асуудлыг комисс зохион байгуулж болох ба хотын зэрэглэлтэй бол холбогдох Сууц өмчлөгчдийн холбоо, орчны ААН, байгууллага, тухайн дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг авсны үндсэн дээр боловсруулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
    5. Нэг хаягийн бүсийн дотор гудамжны нэрийг давхардуулан олгохыг хориглоно.

Дөрөв. Барилга, байгууламжид дугаар олгох

    1. Нийслэл Улаанбаатар хотын барилга, байгууламжийг Мэдээллийн санг эрхлэгч байгууллага бүртгэж, инженерийн барилга,  байгууламжийн гүйцэтгэлийн зургийг үндэслэн мэдээллийн санд оруулсан тохиолдолд дугаар олгоно.
    2. Барилгын дугаар хүссэн иргэн, ААН, байгууллагад дугаар олгосон тухай албан бичгээр мэдэгдэнэ.
    3. Барилга, байгууламж нь уг барилгыг эзэмшигчид болон орц гарцын тооноос хамаарахгүйгээр бүсийн нэрийн хамт  Нийслэлийн нутаг дэвсгэр дээр дахин давтагдахгүй байхаар нэг дугаартай байх ба уг дугаар нь  барилгажсан хэсэгт:

 “Өнөр хороолол      Энхтайвны өргөн чөлөө   18” 

      
          гэр хороололд:
              “Яармаг         Арцатын 5                            27”
         Бүсийн нэр      Гудамжны нэр               Барилгын дугаар

 

зуслангийн бүсэд:
 “Майхан толгой                        1-р хэсэг                                                    55”
  Бүсийн нэр              Хаягийн бүсийн хэсэгчилсэн нэр         Барилгын дугаар

гэсэн  стандарт хэлбэртэй байна

    1. Бүс бүрт өмнө баригдсан барилга байгууламжийн хувьд хэрэглэж дадсан хуучин  дугаарыг хэвээр хадгалах, шинэ баригдсан барилгыг өмнөх дугааруудтай давхцахгүй байхаар дугаарлах зарчмыг баримтална.
    2. Хаягийн нэгж бүсийн дотор уг бүсийн барилгажилтын ерөнхий төлөвлөгөөнд урьдчилан тусгагдаагүй шинээр баригдсан барилгыг уг барилгын эргэн тойронд 10 м тойрог дотор аль ойр байх дугаар бүхий барилгын дугаарын ард А, Б, … гэх мэтчилэн үсэг нэмэх замаар дугаарлана.
    3. Бүсийн гүнд байрлах барилга, байгууламжид дугаар олгохдоо хорооллын доторхи гэснийг илтгэж ХД, ойр орчны гудамж нэрлэгдсэн тохиолдолд тухайн гудамжны  нэрийг ХД нэрийн оронд хэрэглэнэ.

“Өнөр хороолол    ХД-18” 
           гэсэн  хэлбэртэй байна

    1. Гэр хорооллын хашаан доторхи байшин, барилгыг хашааны дугаарыг нь үндэслэн дугаарлах  ба хашаан дотроо 1 байшинтай бол хашааны хаягийн адил дугаарлаж, дараагийн байшинг өмнөх байшингийн дугаарын ард А, Б, … гэх мэтчилэн үсэг нэмэх замаар дугаарлана.
    2. Гэр хорооллын хашааг тухайн нутаг дэвсгэрийг харъяалах хорооны Засаг дарга, тухайн дүүргийн Газрын албаны саналыг авсны үндсэн дээр дугаарлана.
    3. Зуслангийн бүсэд барилгын дугаар олгохдоо дараахь зарчмыг баримтална. Үүнд: Мэдээллийн санг эрхлэгч байгууллага тухайн хаягийн бүсийг дотор нь тодорхой хэсгүүдэд урьдчилан хувааж дэс дараалсан тоогоор дугаарласан байна. Барилгыг дугаарлахдаа хэсгийн дугаарыг гудамжны нэрийн адил хэрэглэнэ.  Зуслангийн хашааг хэсгийн дотор баруун гар талаас нь дэс дараалсан байдлаар дугаарлах ба хашаан доторхи барилгыг 4.7-д заасантай адилаар дугаарлана.
    4. Хоёр гудамжны уулзварын дэргэд буюу гудамжны өнцөгт байрласан барилгыг тухайн хаягийн бүсийн дотор дахин давтагдахгүй байхаар дугаарлах ба уг барилгын хаягт гол гудамжны нэрийг хэрэглэнэ.

Бага тойруу         Их сургуулийн гудамж                           3 
         Бүсийн нэр               Гол гудамжны нэр                  Барилгын  дугаар

гэсэн  хэлбэртэй байна.

    1. Тухайн барилгын өргөтгөлийн барилгыг үндсэн барилгын дугаарыг үндэслэн дугаарлана. Үндсэн барилгын суурийн талбайгаас илүү гаргаж барьсан, тусдаа орц, гарц бүхий өргөтгөлийн барилгад шаардлагатай бол тусад нь дугаар олгож болно.  Тэгэхдээ үндсэн барилгын дугаарын ард ташуу зураас татаж дэс дараалсан дугаараар дугаарлана:

 

 “Өнөр хороолол   Энхтайваны өргөн чөлөө    20/1”
         

    1. Гүний худаг, дамжуулах байгууламж, трансформатор, харуулын байр, гараж, шатахуун түгээх станц зэрэг тусгай барилга, байгууламжуудыг холбогдох мэргэжлийн байгууллагын бүртгэлийг үндэслэн төрөлжүүлэн дугаарлах ба дугаарын өмнө тусгай байгууламж гэдгийг илтгэх үсгүүдийг дараахь хүснэгтийн дагуу тавьж дугаарлана. Түр барилга, байгууламжийг түр гэдгийг илэрхийлэх “ТҮР” гэсэн үгийн дараа дэс дараалсан тоогоор дугаарлана.
Тусгай барилга, байгууламж Томъёолол
Гүний худаг ГХ”
Дулаан дамжуулах байгууламж ТП”,
Цахилгааны дамжуулах байгууламж бол ЦТП”,
Трансформатор ТР”,
Харуулын байр ХБ”
Гараж Г
Шатахуун түгээх станц ШТС

Жишээ нь, Өнөр хорооллын Барилгачдын гудамж дахь 20-р гараж бол дугаар нь:
 
“Өнөр хороолол, Барилгачдын гудамж  Г20” гэсэн хэлбэртэй байна.

    1. Хуучин барилга, байгууламжийг буулгаж шинээр барилга, байгууламж барьсан тохиолдолд энэ нь тухайн орчны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй бол хуучин барилгын дугаарыг шинэ барилгад олгоно. Шинэ барилга нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан бол тухайн ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөсөн дугаарыг олгоно.

 Тав. Нийслэл Улаанбаатар хотын гудамж, талбайн нэр, барилгын дугаарыг хэрэглэх, хадгалах, байрлуулах, солих

    1. Нийслэл Улаанбаатар хотын танилцуулга, байр зүйн зурагт хотын гудамж, талбай, орон сууцны хорооллын нэрийг бүрэн хэмжээгээр хэрэглэнэ.
    2. Олон улсын шуудангийн харилцаа, захидал, мэдээлэл, баримт бичиг, хаягийн солилцоонд гадаад улсын хэлний галигт буулган хэрэглэж болно.
    3. Нийслэл Улаанбаатар хотын гудамж, талбай, барилгад нэр дугаарыг олгосон, өөрчилсөн шийдвэр, зураг схем, холбогдох бичиг баримт, мэдээлэл нь мэдээллийн санг эрхлэн хөтөлж буй байгууллагын архивтхадгалагдана.
    4. Хотын зэрэглэлтэй гудамжны нэрийг байрлуулах, солих, ашиглалтанд хяналт тавихтай холбоотой асуудлыг  Нийслэл, дүүргийн тохижилт үйлчилгээний асуудал эрхэлсэн байгууллага /Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот нийтийн аж, ахуйн хэлтэс, дүүргүүдийн үйлдвэрлэл, тохижилт үйлчилгээний хэлтэс/, хорооллын зэрэглэлтэй бол холбогдох сууц өмчлөгчдийн холбоо, хувийн эзэмшлийн бол эзэмшигч өөрөө тус тус хариуцна.
    5. Барилга, байгууламжийн дугаарыг тухайн барилгыг эзэмшигч энэ журмын 6-р зүйлийн дагуу бэлдэж байрлуулна.

 

Зургаа. Гудамжны нэр, байшин барилгын дугаарыг тэмдэглэх

      • Гудамжны нэрийг уг гудамжны өөр гудамжтай огтлолцох уулзвар бүр дээр энэ бүлэгт заасны дагуу үзэгдэлт сайтай газар байрлуулна.
      • Гудамжны нэрийг хөх өнгийн дэвсгэртэй 120х35 см хэмжээтэй самбар дээр цагаан өнгөөр бичиж гудамжны эхний  барилгын хананд буюу зориулалтын шон дээр хадаж байрлуулна. Самбар нь захаасаа 0.5 см зайтай 1.5 см өргөн цагаан өнгийн хүрээтэй байна. Зориулалтын шон дээр байрлуулах самбар нь чиглэл заасан өнцөгтэй байх ба шонгийн өндөр  3-3.5 м байна
      • Гудамжны дагуу барилгын дугаарыг өмнөх заалтаар хийгдсэн гудамжны нэрийн ард  35х35 см хэмжээтэй гудамжны нэртэй ижил хөх өнгийн дэвсгэртэй самбарт цагаан өнгөөр бичиж байрлуулна.
      • Тухайн байшингийн гудамжны эсрэг талд байрлуулах дугаар нь 50х50 см хэмжээтэй, хөх дэвсгэр дээр захаасаа 0.5 см зайтай 1.5 см өргөн цагаан хүрээтэй самбар дээр цагаанаар бичигдсэн байна.
      • Гэр хорооллын гудамжны эхлэл дээр зөвхөн гудамжны нэрийг бичнэ. Гудамжны нэрийн хаягны хэмжээ 66х14 см, цагаан дэвсгэртэй, 0.8 см хэмжээтэй хөх өнгийн хүрээтэй байх ба хөх өнгөөр гудамжны нэрийг бичнэ. Гудамжны дугаарын самбарын хэмжээ 14х14 см, цагаан дэвсгэр дээр хөх өнгөөр бичнэ. Хашааны дугаарын хэмжээ 12х20 см. Хүрээ нь хөх  өнгөтэй, 0.8 см хэмжээтэй цагаан дэвсгэр дээр хөх өнгөөр бичнэ.
      • Гудамж, талбайн нэрлэсэн нэр болон барилгын дугаарыг  бичих үсгийн хэлбэр нь Монголын албан ёсны бичгийн нэгдсэн фонд болох  Arial  байна.
Google+ Linkedin